Эр, эм, нас бие гүйцсэн, залуу идлэг шонхор
Төв Ази дахь идлэг шонхорын үржлийн газар нутаг
Идлэг шонхор нь дэлхий дээрх 2 дахь том шонхор бөгөөд Эгэл шонхороос том, цагаан шонхороос бага биетэй. Эдгээр 3 төрлийн шонхорын эм нь ерөнхийдөө эрээсээ том биетэй байдаг. Тиймээс ч эм нь 6 хүртэлх тооны өндөг гаргадаг ба том шар шувуудаас үр төлөө хамгаалдаг. Харин эр нь ангаахайгаа томортол нь ан хийж тэжээдэг. Нэг ижил бүс нутгийн нас бие гүйцсэн идлэг шонхор хүртэл өнгөний хувьд нилээн олон янз байна. Гэхдээ залуу шонхороо бодвол өд сөд ерөнхийдөө цайвар, сарвуу болон хошууны уг нь тод шар байдаг. Харин залуу шонхорых нь сааралдуу бөгөөд үүрэндээ байхдаа бүр хөх өнгөтэй байдаг.
Бусад шонхортой адил идлэг шонхор нь үүрээ өөрөө барьдаггүй бөгөөд үнэг авирч чадхааргүй өндөр хадан цохионы ирмэг болон бусад шувууны үүрийг ашигладаг. Үржлийн үе дэх гол идэш тэжээл нь бусад шувуу, мэрэгчид ялангуяа зурам юм. Мэрэгч ихтэй, цөөхөн тооны үүр бүхий газарт өрсөлдөөн бага бөгөөд 5 хүртэлх ангаахайтай байх нь элбэг.
Идлэг шонхорын үржлийн аюулгүй газрууд
Хадан цохион дээрх идлэг шонхорын 5 өндөг
Үржлийн газар нь хоол тэжээл ихтэй, найдвартай үүртэй байх нь идлэг шонхорт их чухал. Энэ нь ч шонхор шувуу сургагч, баригч нарт бас хэрэгтэй. Идлэг шонхорын үр төлийн талаас бага нь амьдарч үржилд ордог ба таван шонхорын нэг нь осол болон өвчнөөр жил бүр үхдэг. Тиймээс идлэг шонхорын үржлийн газар нутагт амьдардаг орон нутгийн иргэдэд идлэг шонхорыг хамгаалах цаашлаад тэдгээрийн үүр, идэш тэжээл болох амьтдыг хэрхэн хамгаалахыг зааж өгөх нь их чухал юм. Үржлийн газраас нь нас бие гүйцсэн идлэг шонхорыг барих нь ганц сүү өгдөг үнээгээ алахтай адил хэрэг юм. Үржилд орж байгаа идлэг шонхор шувууг үр төлөө хамгаалан өсгөх боломжоор нь хангах хэрэгтэй.
Ангаахай нь 6 долоо хоногтой болох үедээ үүрээ орхин нисдэг. Эхэн үедээ үүрнийхээ ойролцоо байдаг ба бусад махчидад бариулах эрсдэл ихтэй байдаг. Гэхдээ нисэх өд нь хатуужихад эцэг эх нь ан хийдэг байсан газар хүртэл хэдэн км нисдэг. Үүрээ орхин ниссэнээс хойш 3-4 долоо хоногийн дараа сайн нисэж чаддаг болдог. Нүүдэллэхээс өмнө дуртай зүг рүүгээ олон км нисэж өөрсдөө бие даан ангаа хийдэг.
Зэрлэг идлэг шонхорт учирч буй өнөөгийн асуудлууд
Өндөр хүчдэлийн шугаманд цохиулан үхсэн идлэг шонхор
Орчин үед идлэг шонхорд учирах аюулууд нэмэгдсээр байна. Зарим газарт хөдөө аж ахуйн салбарт үр тариагаа хамгаалах зорилгоор идлэг шонхорын идэш тэжээл болох амьтдыг устгах, хордуулах аюул нүүрлэж байна. Мөн идлэг шонхор нь хордсон амьтдыг идэж хордож байна. Өндөр хүчдэлийн цахилгаан шугам нь шувуу сууж амрахад тохиромжтой ч аюулгүй байдлыг хангаагүйн улмаас жилд хэдэн мянган идлэг шонхор болон бусад махчин шувуудыг алж байна. Монгол улсад 70-аас дээш тооны идлэг шонхор 10км цахилгаан шугам тутамд цохиулж үхэж байгаа бөгөөд жилд ойролцоогоор 4000 идлэг шонхор өндөр хүчдэлийн цахилгаан шугаманд цохиулан үхдэг тооцоо байна. Өндөр хүчдэлийн цахилгаан шугамыг аюулгүй болгох зардал багатай аргууд байдаг бөгөөд үүнийг ажил хэрэг болгохоор тусгай төсөл хэрэгжиж байна. Харамсалтай нь аюултай өндөр хүчдэлийн цахилгаан шугамнууд өөр улс орнуудад ялангуяа Ази, Африкийн хөгжиж буй улсуудад баригдсаар байна.
Идлэг шонхорын хувьд ямар аюул нь хамгийн их нөлөөлж байгааг бид мэдэхгүй ч зарим газар нутагт элбэг байсан шонхоруудыг шувуулахуйн зорилгоор барьсаар устаж үгүй болохын даваан дээр байгааг мэдэж байна. Байгаль дээр байгаа идлэг шонхорын тоо толгой нь 25 жилийн өмнөхөөс хагас нь л байгаа тооцоо байна. Тиймээс шонхорын идэш тэжээл болох амьтдыг хордуулахыг зогсоох, өндөр хүчдэлийн цахилгаан шугамыг аюулгүй болгох, шонхор шувууг барих дүрэм журмыг сахиулах ажлуудыг хийх нь чухал юм.